Одоо дэлхий дээр 32 багийн нэг сая хоёр зуун мянга гаруй зүйлийн шавьжийг тодорхойлоод байгаа ажээ. Харин эрт галавын үед эргэн тойрон далай тэнгисээр хүрээлэгдэж байсан, байгалийн янз бүрийн бүс бүслүүрт хамаардаг өвөрмөц нутаг дэвсгэртэй манай орны шавьж 28 багт хамаарагддаг юм байна. Эдгээр багаас 2000 гаруй зүйл шавьж дэлхийд шинээр бичсэн байна. Бүр “Намхайдорж” гэдэг шавьж ч бий гэнэ. Аливаа нээлтийг шинжлэх ухаанд олдсон газрынх нь эсвэл олсон хүнийх нь нэрээр нэрлэдэг уламжлалтай учир тэр. Доктор, профессор Б.Намхайдоржтой уулзаж ярилцлаа. Тэрбээр Ломоносовын их сургууль төгсч ирээд, өдгөө 30 гаруй жил шавьж судалж байгаа юм. -Шавьжийг бид хорхой гэж нэрлэдэг. Ахуй амьдралынх нь тухай бол бүр мэдэхгүй. Та мэргэжлийн хүний хувьд шавьжны ертөнцийг юу гэж үздэг вэ?
-Тийм ээ, хорхой гэж ярих нь зохисгүй. Олон хөлтөн, хавч хэлбэртэн гэж ангилдаг юм. Цэцэгт ургамалд тоос хүртээхээс эхлээд л байгальд шавьжны үүрэг асар их. Хүнд ч бас шавьжнаас жишээ авах юм их. Хамгийн хөдөлмөрч амьтан бол шоргоолж. Хятадын нэгэн сониуч эрдэмтэн өөрийн орны шоргоолжийг судалсан байдаг. Шоргоолжны үүрнийх нь дээд талын өвс шороог улаан будгаар будчихаж л дээ. Тэгэхээр нь ахиад хөхөөр, за тэгээд ногоон, хараар будсан чинь яваандаа хамгийн анхны улаан будагтай шороо эргэж үүрэн дээр гарч ирсэн гэдэг. Энэ бол шоргоолж үүрнийхээ шороог хамгийн доод талын нойтон хэсгийг нь агаарт гаргаж нарны энерги авсныг нь доор нь сольж байдгийн баталгаа. Шоргоолж их ажилсаг, үе мөчний өвчнийг анагаадаг.
-Шоргоолжны үүр хэр гүн байдаг юм бол. Их л ажилсаг амьтан гэж дуулдсан. Үүр нь цэмцгэр нямбай байдаг байх даа?
-Ойн шоргоолжны хөрсөн дээрх үүр нь хоёр метр гүн байдаг. Диаметр нь 2,5 метр. Газрын хөрснөөс доошхи үүр нь бүр 25 метр хүрдэг. Газрын хөрсөн дээрх үүрэнд нь маш олон тооны өндөр, хатан шоргоолжууд амьдардаг. Хатан шоргоолжийг ажилчин шоргоолжнууд асарч тэжээнэ. Ариун цэврийг нь сахина. Шоргоолжны үүрэнд идэш тэжээлийнхээ үлдэгдлийг хаядаг тусгай газар хүртэл бий.
-Ингэхэд яаж үүрээ олдог юм бол?
-Шоргоолж бусад шавьжны адил дуу гаргана. Сарвууныхаа тэнд дууны булчирхайтай. Дууны тусламжтай үүрээ олдог. Бас явсан замаа тэмдэглээд байдаг. Тэр замаар нь бусад шоргоолж явсаар жим гардаг юм. Мөн үнэрээр баримжаалахаас гадна нарны цагаар үүрээ олно. Хоол тэжээлд явсан шоргоолж үүрэндээ ирээд гулгидас гаргадаг. Тэр нь их уураглаг тэжээл байдаг.
-Шоргоолжны үүрэн дээр нойтон самбай тавиад хэсэг хугацааны дараа усыг нь базаж авахад архи гардаг гэцгээдэг. Бас багтраа өвчтэй хүмүүст их сайн гэсэн. Шоргоолжийг эмчилгээнд ашигласан түүх байдаг уу?
-Шоргоолжийг хүн төрөлхтөн маш эртнээс ашиглаж ирсэн. Шоргоолжны хүчлийг үйлдвэрийн аргаар гаргаж авч, анагаах ухаанд хэрэглэж байлаа. Тэр нь органик хүчил юм. Энэ тухай ердийн ахуйн жишээ хэлье л дээ. Үе мөчний өвчтэй хүн өвчнөө шоргоолжоор эдгээж болно. Махан шоргоолж гэж ярьдаг шүү дээ. Тийм улаан шоргоолжны үүрэн дээр өвчтөн хүн алгаараа дарж хэсэг хугацааг өнгөрөөхөд гарыг нь хаздаг. Ингэхэд шоргоолжны хүчил ялгардаг. Ингэснээр үе мөчний өвчин нь эдгэх жишээтэй. Бас их амьсгааддаг хүн улаан шоргоолжны үүрэнд ойртож эхүүн үнэрийг нь үнэртэхлээр тайвширдаг. Шоргоолжны үүрийг шороотой нь аваад жаахан шар тосонд хуурч, зуурмаг болгоод рахиттай хүүхдийн үе мөчинд түрхэхэд эдгэрдэг гэнэ лээ.
-Энэ бүгд үнэхээр амьдралаар батлагдсан аргууд уу?
-Анагаах ухаан хөгжөөгүй эрт дээр үед дорно дахинд амаржсан бүсгүйн үтрээг урагдахад шоргоолжоор оёдол тавиулдаг байсан түүх бий гээд бод доо.
-Яаж тэр вэ?
-Эртний лам нар ойд амьдардаг морин шоргоолжийг аваад амаржсан эмэгтэйн үтрээний урагдсан хэсгийг чимхэж байгаад морин шоргоолжоор хазуулдаг байжээ. Шоргоолжны толгойн хэсэгт өнөөх органик хүчил байдаг хэрэг шүү дээ. Тэр нь өвчний орчны бохирдлыг ариутган эдгээж чаддаг. Хазсаных нь дараа шоргоолжны толгойг тас татдаг. Хэсэг хугацааны дараа шоргоолжны толгойн дээд доод эрүү хазсан хэсгээсээ салахад урагдсан хэсэг оёгдсон байдаг.
-Тэгвэл шоргоолжийг хамгаалж, дархлах хэрэгтэй юм байна даа?
-Германд дархалж байсан. Шоргоолжны авгалдайгаар гэрийн тэжээмэл шувуудыг хооллосноос ойн хортон тэмцэж нэгнийгээ барьж иддэг. Өлсгөлөн шоргоолж хүчтэй нь хүчгүйгээ идсээр ганц том шоргоолж үлддэг байна л даа. Мальтусын нэг онол бий. Хүн төрөлхтөн шоргоолж шиг олон болох юм бол нэг нь нөгөөгөө барьж иднэ гэж. Амьдралын төлөөх тэмцэл шавьж төдийгүй хүнийг хүртэл хэрцгий болгож чадна гэдэг энэ үгийг би үнэн гэж боддог. Шавьжны зарим нь эвцэлдэх явцдаа хамаг шимээ өгөөд үхчихдэг явдал ч бий. “Цагаан тэмээ” аалз эрийгээ бас үр төлөө бариад идчихдэг. Шавьж бие биедээ дурладаг.
-Шавьжинд хайр дурлал гэж байдаг юм уу?
-Дурлана аа. Дурлахын тулд онцгой сайхан хэрэглэгдэхүүн бий болгодог шавьжнууд ч бий. Эмэгчин шавьж их гоё үнэр гаргадаг. Тэр үнэрээр нь эрэгчин шавьж таньж мэдэж ирдэг. Энэ бол үнэрийн дохио. Нөгөөтэйгүүр, эр нь их гоё төрхтэй байдаг. Тэгээд хоёр шавьж их гоё дуу гаргана. Тэгж яривал хүн төрөлхтөн үнсэлтийг хоёр амьтнаас сурсан гэдэг домог бий.
-Ямар амьтнаас тэр вэ?
-“Ямаан ууц” гэдэг аалз, тагтаа хоёроос. Тэд их нандин амьтад.
-Хэрэв “хэн” нэг нь нөгөөгөө таалахгүй бол яадаг юм бол?
-Тасралтгүй хөөцөлдөнө дөө.
-Голио гэж их сонин амьтан бий. Хятадууд голионы сүүлийг таслаад сорчихдог гэдэг үнэн болов уу?
-Голио идэхэд муудах юм байхгүй. Мэрэгч шавьж учраас ургамлаар хооллодог. Ургамал ургамалдаа хамгийн шим тэжээлтэйг нь иддэг. Таана, хөмүүл, хиаг гээд. Нэг жишээ хэлье л дээ. Ховд аймгийн Хавтагын нуруу гэдэг газар байдаг. “Зээгийн заставт” асар их голио үржжээ. Тэгээд идэш тэжээл нь ховордсоноос тэр үү голионууд гэрийн цагаан бүрээс рүү арзайтлаа авирдаг болж. Тэгэхээр нь уйдсан цэргүүд наймын хувингаар хамж аваад жаахан бензин хийгээд шатаасан чинь бараг дөрвөн цаг шатсан гэдэг. Энэ нь голионд маш их уураг, тос байгааг харуулж байгаа юм. Голиог хятадууд сорж байхыг хараагүй. Голионы сүүл гэдэг чинь үржлийнх нь эрхтэн. Эр голио нь “сүүлгүй” байдаг. Харин голио голиогоо идэж байхыг л би харсан.
-Голиог битүү саванд хийхэд нэг нь нөгөөгөө барьж идсээр хамгийн сүүлд нэг том голио үлддэг гэсэн?
-Өлсөхийн эхэнд тэгж болно. Хамгийн дагшин, хийморьлог амьтан болох адуу хүртэл өлсөхөөрөө мод иддэг юм шүү дээ. Гэрийн хулганатай тэмцэхэд бас энэ аргыг хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Үлийн цагаан огтоно дээр ч бид туршиж үзсэн. Үнэн юм билээ. Өлсөхийн эрхэнд хүчтэй нь хүчгүйгээ идсээр нэг том оготно үлддэг. Тэр оготныг гэр дотор тавихад бусдыгаа бариад идчихдэг.
бичлэг
